Охин үрээ хайрла
Охин үрээ хайрла
Омогдож загинахдаа ч хайрла
Охин үрээ хайрла
Ойворгон зэмлэхдээ ч хайрла

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж, морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарийнх нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урасгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнийгээ хайрла
Хөөрхөн хонгор айланд нь эрхлүүлж түүнийгээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуу
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулжамжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөндөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл орчлонгын зовлонд цадхын цагтаа
Огшуун нулимсанд живэхийн цагтаа хожимоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Эжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

                 Үргэлжлэл бий...













(Нийт: 1)